'

Darvin prize

Posted by zorig Saturday, June 5, 2010

Германы зочид буудлын сүлжээний эзэн, үл хөдлөх хөрөнгө, урлагийн бүтээл наймаалагч Дитер Бок өөрийнхөө өргөөнд үмх маханд хахаж үхжээ. 71 настай бизнес эрхлэгч өөд болоод удаж байгаа ч гэсэн түүний үхлийн шалтгаан “оройн зоогийн үеэр хоолой боосны учир”, өөрөөр хэлбэл, хахаж үхсэн болох нь эмнэлгийн дүгнэлтээр саяхан тогтоогджээ.

АНУ-д жил бүр “Дарвиний шагналтан” гэгчийг шалгаруулан мэдээлдэг. Энэхүү албан ёсны бус шагнал нь санаанд оромгүй хамгийн муу үхлээр өөд бологсдод нэхэн олгодог шагнал ажээ. Энэ шагнал дэлхий дахинд муу үйлийг шоглогчдын дотор маш түргэн алдаршжээ. Интернэтээр санал асуулга явуулж ялагчийг тодруулдаг.

АНУ-ын Калифорни муж улсын дөчин гурван настай цахилгаанчин Алан 2004 оны Дарвины шагналтнаар тодорчээ. Тэр жил Алан арван долоон настай хүү, түүний найз охины хамт зүгээр л гадуур явж байжээ. Тэдний явсан зам төмөр зам хүрдэг байж. Алан зугаагаа гаргах гэж дэлгүүрээс авсан бараагаа хийдэг тэргэнцрийг ирж яваа галт тэргэнд зүүе гэж боджээ. Тэр зургаан метр урт олсны нэг үзүүрийг тэрэгнээс, нөгөө үзүүрийг дүүрэн устай лонхонд уясан байна.

Нүргэлсэн ачааны галт тэрэг хажуугаар өнгөрөхөд Алан лонхийг галт тэрэг рүү шиджээ. Эхний оролдлогоор лонх хагарсан учир тэргэнцрийг галт тэргэнд зүүж чадсангүй гэнэ. Тэр дахиад нэг лонх уяжээ. 86 вагон чирсэн галт тэрэг цагт 24 км-ын хурдтай явж байсан учир цаг хугацаа бүрэн хүрэлцэхүйц байв. Хоёр дахь оролдлогын дараа төлөвлөгөө биелсэн боловч зүүгдэн хөдөлсөн тэргэнцэр Аланыг өөртэй нь хамт авч явж, түүнийг бүтэн хагас км чирсэн байна. Машинчийг галт тэргээ зогсоохоос бүр өмнө тэр өөд болчихсон байжээ.

2005 оны Дарвины шагналыг Хорватын 55 настай Маркод нэхэн олгосон байна. Тэр муу ёрын өдөр Марко ажлынхаа хоёр давхар байранд цэвэрлэгээ хийж байжээ. Тэр яндангаа цэвэрлэхээр шийдсэн байна. Гэвч ердийн сойзоор цэвэрлэе гэхэд дэндүү өндөр байсан учир цэвэрлэгээний “тусгай төхөөрөмж” хийх нь эн тэргүүний зорилт болжээ. Үүний тулд сойзыг гинжинд бөхөлж, түүнийгээ хүндрүүлэхийн тулд гинжинд нь ямар нэг металл гагнах хэрэгтэй гэж үзсэн байна. Марко тийм зүйл олсон боловч тэр нь тэсрэх бодисоор цэнэглэсэн гранат байсныг анзаарсангүй. Тэр гагнуурын аппаратаа залгаж, гинж, гранат хоёрыг холбон гагнаж гарчээ. Металл халж, гранат дэлбэрэв. Марко амь үрэгджээ.

2006 оны Дарвины шагналыг Сингапурын оюутанд олгожээ. Тэр нэг өдөр рок сонирхогч 16 настай хөвгүүн өөрийн шүтэн бишрэгчдийг дуурайн, гитардаж байгаа дүр гэнэ. Тэр энэ үйл явдалдаа хэт шимтэн оюутны байрны гуравдугаар давхрын цонхоор үсэрчээ. Журам ёсоор оюутны дотуур байрны цонх хаалттай байх ёстой байсан ч оюутнууд тамхи татах гэж цонхоо нээсэн байжээ.

АНУ-ын Техас муж улсын жижигхэн дэлгүүрийн эзэн архинд орсон Майкл Уорнер 2007 оны Дарвины шагналтан болжээ. Гэвч тэр архийг амаараа биш бөгсөөрөө уудаг байж. Майкл хоолойны өвчтэй учир согтууруулах ундаа залгиж чаддаггүй байсан байна. Нэг удаа тэр үдэшлэгт оролцож байгаад 1,5 литрийн лонхтой архийг эхнэрээрээ хошного руугаа шахуулжээ. Майкл босох гэсэн боловч нэгэнт хожимдсон байв. Тэр ухаан алдталаа согтож өглөө нь үхсэн байжээ. Түүний цусанд О,47 хувийн согтууруулах бодис байсныг хордлого судлаачид тогтоожээ. Энэ нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс зургаа дахин илүү аж.

Гелийн хийгээр дүүргэсэн бөмбөлгөөр агаарт хөөрсөн 51 настай Бразилийн санваартан Адерли ди Карли 2008 оны шагналыг хүртсэн байна. Ламтан агаарт хориос доошгүй цаг байж дээд амжилт тогтоохын тулд түшлэгтэй сандалдаа мянган бөмбөлөг бэхэлжээ. Харамсалтай нь лам гуай салхинд хөөгдөн далай руу одов. Түүний сүүлчийн хүсэлт нь биедээ авч явсан хүлээн авагчийг хэрхэн ажиллуулахыг зааж өгөөч гэсэн хүсэлт байсан гэнэ. Карлийн цогцосыг хоёр сарын дараа анх гараанаас гарсан газраас нь олон зуун км-ын зайтай орших эргээс санамсаргүйгээр олжээ.

Бельгийн хоёр дээрэмчин 2009 оны Дарвины шагналтан болжээ. Тэд Динан хотын банкнаас бэлэн мөнгө хулгайлахыг оролдсон байна. Гэвч тэсэрч дэлбэрэх хэрэгслээ хэтрүүлж, хүчтэй дэлбэрэлтийн улмаас нурангид дарагдаж үхжээ.

0 comments